Хэл сонгох:   Монгол | English






Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн  шуурхай ажиллагааны өмнө тавигдаж байгаа зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор шуурхай ажиллагааны ажиллагсадын ХIII зөвлөгөөнийг ДҮТ ХХК, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, болон тус үйлдвэрийн дулааны цахилгаан станцтай хамтран 2018 оны 5-р сарын 3-ны өдөр Эрдэнэт хотод зохион байгуулж явууллаа. Тус зөвлөгөөнд Нэгдсэн сүлжээнд холбогдсон болон тусдаа ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч 35 байгууллагын 135 ажиллагсад оролцож доорх илтгэлүүдийг тавьж хэлэлцлээ. Үүнд:

  • Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, 2018 оны зорилт
  • 2017-2018 оны НС-ний өвлийн их ачааллын горим, онцлог
  • Шуурхай ажиллагааны ажиллагсадын  ажлын алдаа дутагдалын талаар
  • Эрчим хүчний системийн тогтворжилтийн тооцоо
  • РХА-ийн баримталж буй бодлого, цаашид авах арга хэмжээ
  • Салбарын шуурхай ажиллагааны холбооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ

 Мөн импортын графикийн хазайлтын журмын төсөл, диспетчерийн графикийн биелэлтийг дүгнэх журам, тоолуурын системийн ажиллагаа, арилжааны операторын үйл ажиллагааны талаар зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл хийлээ. Оролцогчид зөвлөгөөний явцад Эрчим хүчний салбарын шуурхай ажиллагаанд тавигдаж байгаа зорилт, гарч буй хүндрэл, түүнийг даван туулах арга зам, цаашид авах арга хэмжээний талаар харилцан ярилцлага өрнүүлж, зөвлөгөөнөөс гаргах зөвлөмжийг хэлэлцлээ.

Түүнчлэн өнгөрсөн онд нэгдсэн сүлжээнд шинээр холбогдсон “Дархан” НЦС, “Моннаран” НЦС, “Цэций” СЦС-ийн төлөөлөгчид өөрсдийн үйл ажиллагааны талаар зөвлөгөөнд оролцогчдод танилцуулсан ба шинээр ашиглалтанд орсон Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц болон Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.