WAMS систем

2019 оныг Эрчим хүчний яам “Ухаалаг Эрчим хүч” болгон зарлаж нийт 130 гаруй ажил хийхээр төлөвлөж бүтээн байгуулалтын болон техник технологийн чиглэлээр олон ажлуудыг хийлээ. Үүн дотроос Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд “WAMS”систем нэвтэрч 2019 оны 12-р сарын 23-нд нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням болон бусад албаны хүмүүс оролцлоо. “WAMS”системийн төслийн танилцуулгыг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Реле хамгаалалт, автоматикийн албаны дарга Ч.Амарсанаа хийж “WAMS” систем нь шилжилтийн горимын хяналт мэдээлэл, удирдлагын нэгдсэн систем юм. Тогтворжилт алдагдахаас сэргийлэх автоматик энэхүү систем нь Эрчим хүчний систем /ЭХС/-д үүсч болох бүхий л төрлийн аваарын горимын үед ситемийг тогтвортой авч үлдэх мэдээлэл хүлээн авах, боловсруулах, үйлдэл хийх гэсэн дараалал бүхий алгоритимчлэгдсэн цогц шийдэл юм. Энэ системийн  ажиллагааны хамрах хүрээ, үйлдлийн дараалал, эзлэхүүнийг Эрчим хүчний системийн динамик тооцооллоор тодорхойлно.

Дээрх ухаалаг системийг нэвтрүүлснээр нэгдсэн сүлжээнд болж байгаа шилжилтийн горимыг асар хурдтай бүртгэж 0,02 секунд буюу нэг үеийн дотор 60-100 хэмжилт хийх бололцоотой. Ингэснээр нэгдсэн системд болж байгаа бүх процессийг тодорхойлох боломжийг олгож байна.

“WAMS” систем хэрэгжиж цаашид үе шаттай хөгжүүлсэний үр дүнд дараах үр дүн гарна. Үүнд:

  • Шилжилтийн горимын болон реле хамгаалалтын аваар эсэргүүцэх автоматикийн  тооцооны үр дүн бодит байдалд ойртож тооцооны үнэмшил цоо шинэ шатанд гарна
  • Нэгдсэн сүлжээний тогтворжилтийг хангах техникийн арга хэмжээ тодорхой болно
  • Тогтворжилт алдагдахаас сэргийлэх төвлөрсөн автоматикийн систем бий болно
  • МУ-ын Эрчим хүчний системийн одоогийн төлөв байдал болон цаашдийн хөгжлийн талаарх судалгаа шинжилгээг өөрийн инженер техникийн ажилтан /ИТА/-ууд бүрэн хийх чадамжтай болно

Диспетчерийн удирдлага оновчтой, хурдан, зөв шийдэлтэй болох зэрэг үр дүнд хүрэх юм.