РЕЛЕ ХАМГААЛАЛТ АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Шинэ оны босгон дээр “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-ийн Реле хамгаалалт автоматикийн алба /РХАА/-наас Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон уламжлалт болон нар салхины эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээ эрчим хүчний Тусгай зөвшөөрөл эзэмшигч /ТЗЭ/ компаниудын реле хамгаалалт автоматик /РХА/-ийн удирдах түвшний инженерүүд оролцсон зөвлөлдөх уулзалтыг 2019.12.25-ны өдөр зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтад “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-ийн РХАА-ны дарга Ч.Амарсанаа, ахлах инженер Ч.Мөнх-Эрдэнэ, инженер Ц.Баяржаргал, ГСТХ-ийн Реле хамгаалалтын тавилын тооцооны инженер Д.Цоож нар эрчим хүчний системийн реле хамгаалалт, автоматикийн байгууламж /РХАБ/-уудын найдвартай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хийгдсэн ажлууд, цаашид баримтлах бодлого, РХАБ-ийн ажиллагааны статистик үзүүлэлтүүд, тавилын тооцоо, итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаа, ТЗЭ компаниудын РХА-ийн нэгж хэсгүүдтэй ДҮТ-ийн РХАА-ны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал сэдвээр танилцуулга хийв.

Мөн ДЦС-4 ХК-ийн генераторын шинэчлэл өдөөлтийн системийн талаар тус станцын Цахилгаан Техникийн Лабораторийн эрхлэгч Л.Энхбаатар, ЦДАШ-ын 3 болон 4 төгсгөлт дагуу дифференциал хамгаалалт сэдвээр ЦДҮС ХК-ийн Улаанбаатар салбарын РХАА-ны дарга Б.Лхагвадэмбэрэл, шинээр нэвтэрч буй WAMS системийн талаар ОХУ-ын “ПАРМА” ХХК-ийн мэргэжилтэн А.Немкович, Түгээх сүлжээнд нэвтрүүлж буй бага омын эсэргүүцлээр газардуулсан сүлжээний газардлагын хамгаалалтын талаар УБЦТС ХК-ийн инженер Б.Баярсайхан нар тус тус танилцуулсан.

Зөвлөлдөх уулзалтанд оролцсон ТЗЭ компаниудын РХАА-ны дарга, лабораторийн эрхлэгч, инженер техникийн ажилтан нар РХА-ийн чиглэлээр 2019 онд хэрэгжүүлсэн шинэлэг ажлууд, ололт амжилтыг товч танилцуулахын зэрэгцээ санал хүсэлт болон тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг гаргаж тавьж, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хамтран ярилцсан. Зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг 2020 оны зорилтод тусган ажиллахаар болсон.

“Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-ийн РХАА-наас РХА-ийн 2019 оны шилдгүүдийг  дараах 3 номинацаар өргөмжлөн талархал, дурсгалын зүйлийг гардуулав. Үүнд:

  • Шилдэг инженер” Ухаахудаг ЦС-ын РХА-ийн инженер Б.Тулгач – Станцын тусгаарлах автоматикийн асуудлыг оновчтой шийдэж тогтвортой ажиллагааг хангах талаар идэвх зүтгэл санаачлагатай ажиллаж амжилттай хэрэгжүүлсэн
  • Шилдэг ажил”- ЦДҮС ХК-ийн УБ салбарын ИТА-уудын “Wide Area Network” сүлжээг ашиглан хэрэгжүүлсэн 3 болон 4 төгсгөлт үндсэн хамгаалалт
  • Шилдэг хамт олон” ДДЦС ХК-ийн ЦТЛ-ийн хэсэг – Станцын өргөтгөлөөр шинээр суурилагдсан 35 МВт-ын Турбингенератор №5-ын РХАБ-ийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг амжилттай хэрэгжүүлж бүрэн ашиглалтад оруулсан

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь мэргэжил нэгт инженерүүдийн хамтын ажиллагааны уялдаа холбоог өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцож туршлага судлах, РХА-ийн найдвартай ажиллагааг сайжруулах хүрээнд шинэ техник технологийг нэвтрүүлж цаашдын зорилтоо тодорхойлж төлөвлөхөд чухал ач холбогдол нөлөө үзүүлэх уулзалт болсон.