ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж,  Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр тал идэвх санаачилга гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ үеэр Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн захирал Г.Балжинням хэлсэн үгэндээ Монгол улсын шинжлэх ухаан технологийн салбар тэр дундаа улс орны гал голомт болсон Эрчим хүчний салбарын үнэт зүйл, хөдөлгөгч хүч инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, хөгжүүлэх, үндэс суурь болсон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультайгаа хамтран ажиллаж ирсэн бөгөөд бид цаашид судалгаанд тулгуурласан оновчтой, үр өгөөжтэй олон ажлыг хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа үйлдвэр дээр ажиллаж буй шуурхай ажиллагаа, реле хамгаалалтын ажилтнуудын мэргэжлийн чадвар чадамжийг дээшлүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи, ухаалаг системүүд, тэдгээрийн хэрэгцээ шаардлага, ач холбогдол,  хэрэглэх арга аргачлалыг зааж сургах, сурталчлан таниулах,  мэргэжил дээшлүүлэх болон чадавхжуулах сургалтын хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтарсан тооцоо судалгаа хийх, эрсдэлийн үнэлгээнд суурилсан дүн шинжилгээ, төлөвлөлт хийх зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллах нь чухал билээ.

Иймд    бид хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулж, бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг  дотоод нөөц бололцоогоо ашиглан хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулж байгаад баяртай байна гэлээ.

Эрчим хүчний сургууль нь салбарын хүний нөөцийг бэлтгэхийн зэрэгцээ, багш сурган хүмүүжүүлэгчдээ чадавхжуулж судалгаа шинжилгээний ажлуудаараа салбарынхаа төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Тус сургуулийн үе үеийн төгсөгчид өдгөө салбарын гол хүч болж инженер техникийн ажилтнууд, чадварлаг удирдагчид төрөн гарсаар байна.

Мэргэжлийн боловсрол олгох үйл ажиллагаагаа ажилттай явуулахын зэрэгцээ салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд энэ удаа Диспетчерийн үндэсний төв ТӨХХК нь  салбарын байгууллагуудаа түүчээлэн салбарын хүний нөөцийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд идэвх санаачилга гарган,  мэргэжлийн сургуультайгаа хамтран ажиллах санамж бичиг байгуулж, анхдагч болж буйд сургуулийн удирдлагуудын зүгээс талархал илэрхийллээ.