ЭМГЭНЭЛ

Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Горим төлөвлөлт тооцооны албаны Системийн загварчлалын инженер Мягмарсүрэнгийн Цогт нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

Талийгаач М.Цогт 1986 оны 07 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод Б.Мягмарсүрэнгийн ууган хүү болон мэндэлсэн. Ам бүл 3. Эхнэр хүүгийн хамт амьдарч байлаа.

Тэрээр 1994-2004 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р дунд сургууль, 2004-2009 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Эрчим хүчний сургууль”-ийг Реле хамгаалалт автоматикийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн.

2009 оноос Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХХК-д дэд станцын Монтёроос ажлын гараагаа эхэлж,  2010 оноос ээлжийн монтёр, 2015 онд ээлжийн ахлахаар томилогдон, тус станцад тасралтгүй 11 жил ажиллаж, үйлдвэрийн горим ажиллагаа, удирдлага, өндөр хүчдэлийн цахилгаан тоноглол дээрх сэлгэн залгалтаар мэргэшсэн, системийн горим ажиллагаа, онцлог, реле хамгаалалт автоматикийн талаар нарийн мэдлэг эзэмшсэн туршлагатай, чадварлаг инженер байлаа.

Инженер мэргэжлээрээ ажиллах хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлж, 2020 оны 5 дугаар сараас эхлэн Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Инноваци, мэдээллийн технологийн албанд судалгаа хөгжлийн инженерээр, 2021 оны 10 дугаар сараас Горим төлөвлөлт тооцооны албанд “Системийн загварчлалын инженер”-ээр томилогдон, тасралтгүй дэвшин ажиллаж байв.

Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-д ажиллах хугацаандаа:

  • Эрчим хүчний салбарын дата төвийн судалгаа, хэт улаан туяаны камерын хяналтын систем, дэд станцын тоноглолын хяналтын систем, ДЦС-3 генераторуудыг Синхрон компенсатораар ашиглах боломж зэрэг судалгаа,
  • Дэд станцын СаС-ын горимыг дахин нягтлах ажил гүйцэтгэж, цахилгаан соронзон шилжилтийн EMT анализ ашиглан хэт хүчдэлийн шинжилгээ,
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах 4.9 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллагаанд залгах үеийн горимын тооцоо, дүгнэлт,
  • “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн өвлийн их болон зуны бага ачааллын горим ажиллагааны тооцоо, С458 шугам тасархай буюу ОХУ-аас тусдаа ажиллах онцгой үеийн горимд Мянгад Нар НЦС системтэй зэрэгцээ ажиллах үеийн горимын тооцоо, зуны горимд Ховд НЦС-ын оролцоо, Мянгад дэд станцын хүчдэлийн горимд нөлөөлөх нөлөөллийн горимын тооцоо, онцгой горимын үед Дөргөний шин дээрх хүчдэлийн хэлбэлзлийг тодорхойлох тооцоолол.
  • Дархан –Уул аймгийн Хонгор суманд баригдах ДСЦТС ХК-ын 20 МВт нарны цахилгаан станцыг ТБЭХС -д холбох горимын тооцооны дүгнэлт зэрэг ажлуудыг бие дааж болон, хамтран гүйцэтгэсэн байна.

 

М.Цогт нь үндсэн мэргэжлээс гадна математик, физикийн чиглэлээр сонирхдог, өргөн мэдлэгтэй, илүү их сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг нэгэн байсан бөгөөд ,  “Монгол улсын эрчим хүчний системийн тогтворжилтын  өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд” зэрэг  салбарын хэмжээний онол практик, эрдэм шинжилгээний  томоохон хурал зөвлөгөөнүүдэд амжилттай оролцож,  ”Блокийн реле хамгаалалт, системийн онцлог тогтвортой ажиллагаа, эрчим хүчний цаашдын хөгжил”, “Нарны станц, батарей хуримтлуурын станцын горимын тооцооны үр дүн, Grid code -н шаардлага” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, судалгаа шинжилгээнд суурилсан бүтээлүүдээр салбарын хэмжээнд мэдлэг мэдээллээ солилцож, өөрийн сурсан мэдсэнээ ажлын хамт олон найз нөхдөдөө зааж сургах тал дээр ихээхэн анхаарч ажилласаар ирсэн юм.

 

Мэргэжлийн мэдлэг чадвараас гадна Орос, Англи, Хятад хэлийг эзэмшсэн, уран нямбай бичигтэй, авъаслаг, хөдөлмөрч, хичээнгүй, хариуцлагатай, тусч, нөхөрсөг, шударга шулуун, эелдэг найрсаг зан чанартай, хамт олныхоо итгэл хүндлэлийг хүлээсэн манай шилдэг тэргүүний ажилтны нэг төдийгүй эрчим хүчний салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж чадах ирээдүйтэй, чадварлаг залуу инженер байв.

Хариуцсан ажил үүргээ нэр төртэй биелүүлж, эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллаж, Монгол улсын эрчим хүчний салбарт залуу нас, хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэл, мэдлэг оюунаа дайчлан ажиллаж байсан түүний амжилтыг үнэлж Эрчим хүчний яамны хүндэт жуух бичиг, Эрчим хүчний “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм.

Сурч хөгжих, хийж бүтээх, аз жаргалтай амьдрах цэл залуухан насандаа дэндүү харамсалтайгаар бид бүхнийг орхин одсонд мөр зэрэгцэн ажиллаж байсан найз нөхөд, хамт олон нь эмгэнэн гашуудаж байна.

Түүний дүр төрх, сэтгэл татам зан чанар, нэр төртэйгөөр хийж бүтээсэн үйл хэрэг, үлдээсэн гэгээн дурсамж бүхэн нь бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Халамжит хань, хайртай үр, гэр бүл, ахан дүүс, найз нөхөд, ажлын хамт олон, эрхэм дотнын хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

Мөнх тэнгэрийн оронд амгалан нойрсох болтугай.

 

ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ЗАХИРГАА, НИЙТ ХАМТ ОЛНООС