Эрхэм танд болон таны гэр бүл, хамт олонд шинэ оны баярын мэнд дэвшүүлье.
Улиран одож буй 2022 эрчим хүчний салбарын 100 жилийн ой тохиосон онцлох жил байлаа.
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ийн хамт олны хувьд төлөвлөгөөт ажлаа амжилттай гүйцэтгэж, улс орныхоо эрчим хүчний салбарын хэвийн найдвартай ажиллагааг 24 цагийн турш шуурхай удирдлагаар хангаж ажиллах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийн хамт салбарынхаа 100 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд амжилттай оролцлоо.
Манай хамт олны 2022 онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас товч дурдвал;
Улс орныхоо гал голомт болсон Эрчим хүчний салбарын Диспетчерийн төв байгууллагын хувьд 2022 онд нийт 1994 удаагийн томоохон сэлгэн залгалтын ажилд хяналт тавьж алдаа зөрчилгүй гүйцэтгүүлж, удирдлагаар хангаж ажиллалаа.
Жилийн турш Реле хамгаалалтын үйл ажиллагаа 946, Автоматикийн үйл ажиллагаа 634 буюу 98,5 хувь үзүүлэлттэй ажилласан байна.
Цахилгаан, дулааны эрчим хүчний жил, сар, өдрийн горим ажиллагааг төлөвлөж, хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр идэвх санаачилга гарган ажиллалаа.
Тухайлбал “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 2035 он хүртэлх хэтийн төлөв”, Амгалан дулааны цахилгаан станцын өргөтгөлтэй холбоотойгоор “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 2022-2027 оны өвлийн их ачааллын горим” ТБНС-ний оргил ачаалал, ЦЭХ-ний хэрэглээ, нийлүүлэлтийн 2022-2035 он хүртэлх таац, тарифын төсөөлөл” Хиймэл оюун ухааны алгоритмд суурилсан ТБНС-ний ЦЭХ-ний ачааллыг цагаар таацлаж, хоногийн ачааллын графикыг төлөвлөх программ хангамж хөгжүүлсэн бөгөөд өдөр тутмын горим төлөвлөлтөд туршилтаар хэрэглэж байна.
Техник хяналтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний салбарын 28 байгууллагын эрсдэлийн түвшинг тодорхойлж эрчим хүчний салбарын эрсдэлийн мэдээллийн санг үүсгэсэн бөгөөд төлөвлөгөөт шалгалтаар холбогдох дүрэм, журмын хүрээнд 2900 гаруй үл тохирлыг арилгуулахаар зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, АХБ-ны техникийн туслалцаатай хэрэгжүүлж буй “Монголын эрчим хүчний ухаалаг систем” ТЭЗҮ- боловсруулах төсөл, JICA (TEPSCO)-ийн СЭХ-ний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх төсөл, USAID (ABT ASSOCIATES)-ын Эрчим хүчний засаглал сайжруулах төсөл, WORLD BANK-ны Эрчим хүч -3 төсөл зэрэг томоохон ажлууд дээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Байгууллагынхаа хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ИТА-ыг сургах, дүрэм журам баримт бичгүүдийг шинэчлэх, сайжруулах, Чанарын удирдлагын тогтолцооны ISO стандартыг хэрэгжүүлэх замаар ажлын чанар, бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэх, ХАБЭА-г нэн түрүүнд хэрэгжүүлэхийг зорьж гурван шатны үзлэг шалгалтыг зохион байгуулж, ажлын байран дахь Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Эрчим хүчний салбарын гурван талт хамтын хэлэлцээр, хамтын гэрээний хэрэгжилтийг хангахад ажил олгогчийн зүгээс хариуцлагатайгаар дэмжин ажиллаж, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн байна.
Салбарын түүхт 100 жилийн ойгоор манай хамт олноос Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2 ажилтан, алтан гадас одонгоор 4, Эрчим хүчний тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан 3, Үндэсний аудитын газрын тэргүүний аудитор 2 ажилтан тус тус шагнуулснаас гадна Ерөнхий диспетчер Б.Баатар эрчим хүчний салбарын 2022 оны ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР-ээр шалгарсан амжилтаар бид бүхэн шинэ оноо угтаж байна.
Бидэнтэй хамтран ажиллаж, 2022 оны амжилт ололт бүхнийг хамтдаа бүтээлцсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Олон улсын байгууллагын төлөөлөгчид, ТЗЭ аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн сургуулиуд, эрдэмтэн судлаач багш нар, нийт харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье.
Айлчлан ирж буй 2023 онд хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.БАЛЖИННЯМ